Э.ОДОНЧИМЭГ: БАЙР ТҮРЭЭСЭЛЧХЭЭД ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ, ТАВИЛГЫГ НЬ АЧААД НҮҮЧИХДЭГ ХҮМҮҮС БАЙЛАА ШҮҮ ДЭЭ

Нэг тийм гялалзсан харцтай, гал цог, цог золбоо дүүрэн. Бүхнийг болгох итгэлтэй, болохгүй байсан ч бүтээхийн төлөө бууж өгөлгүй тэмцдэг бүсгүйчүүд байдаг даа. Энэ удаад уулзаж ярилцсан хүн тийм л эмэгтэй. Галт тэргээр хойш, урагш холхин наймаа хийж, банкнаас зээл авч байр худалдан борлуулж, ҮХХ авах гэж байгаад залилуулчхаад зуун төгрөг ч үгүй үлдсэн гээд алдаа, оноотой амьдрал дундуур туучаад л гараад ирсэн мятрашгүй эмэгтэйтэй ярилцаж суухад “Яаж тань шиг амьдрах вэ” гэх асуулт л аман дээр гарч ирээд байв. Ингээд зоргоор амьдарч, мөрөөдлөөрөө мөнгө олж яваа RE/MAX PRO оффисын брокер эзэмшигч Э.Одончимэгтэй ярилцсанаа хүргэж байна.

-Та цөмийн физикч мэргэжилтэй юм билээ. Энэ мэргэжлийг яагаад эзэмшив, бас яагаад орхив. Эндээс яриагаа эхэлье гэж бодлоо.

-Хүүхэд байхдаа жүжигчин болно гэж мөрөөддөг байлаа. Даанч авьяас дутсан даа /инээв.сур/. Ээж маань сувилагч мэргэжилтэй. Гурван хүүхдийнхээ нэгээс намайг эмч болгоно гэдэг байсан ч би эмнэлгийн үнэр авч чаддаггүй байсан юм. Би арван жилийн сургуульд хими, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурдаг байлаа. Их сургуульд ордог жил ТИС-аас барилгын инженер, Хүмүүнлэгээс банк санхүүгийн, МУИС-аас физик электроникийн бас математикийн ангид нь статистикийн хуваарь дөрвөн ангид тэнцсэн. Алийг нь сонгох вэ гээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад ээж МУИС-ийн цөмийн физикийн ангийг санал болгосон. Би ээжийн зөвлөснөөр энэ сургуулийг төгссөндөө их бахархдаг. Би их азтай, олон мундаг багш нараас номын дуу сонссон. Харин миний өөрийн мөрөөдөл хэзээнээс эхэлсэн бэ гэвэл их сургууль төгссөнөөс хойш. Маш чадварлаг бизнесмэн эмэгтэй болно л гэж зорьдог байлаа.




-Бизнесмэн болох мөрөөдөлдөө хөтлөгдөөд цөмийн физикчийн дипломоо далд хийчихсэн үү?

-Миний худалдааны тухай ойлголт 2003 онд оюутан байхдаа лангуу түрээслэдэг байсан тэр үеэс л эхэлсэн гэж боддог юм. Манай эцэг эх өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг байлаа. Түүнийг нь цэхээс авахуулаад оёдлын үйлдвэр болгон өргөжүүлж таван салбараар бүтээгдэхүүнээ борлуулдаг болтол өргөжүүлсэн юм. Тухайн үед талбай түрээслэнэ, цаашлаад салбар нээж өргөжүүлэх гээд захирлуудтай нь уулзахаас эхлээд ерөнхийдөө үл хөдлөхтэй холбоотой ажиллаж байлаа. Ингээд 2013 онд бага охиноо төрүүлээд гэртээ суух хугацаандаа үл хөдлөх аваад засч янзлаад борлуулахаар шийдээд гэр бүлийн хүнтэйгээ хамтдаа эхлээд үзсэн чинь боломжийн санагдсан. Тэгсэн нэг танил маань ББСБ-т хураагдсан үл хөдлөх хөрөнгө олон бий. Тэр хөрөнгүүдийг худалдан борлуулах, хамтрах санал тавьсан юм. Гэхдээ манайх иргэнтэй гэрээ байгуулдаггүй. Заавал аж ахуй нэгж байх ёстой гэдэг шаардлага тавьсан. Ингээд 2015 онд дотоодын үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниа гурван хүний бүрэлдэхүүнтэй нээлээ. Хоёр жилийн хугацаанд 2017 он хүртэл ажилласан ч цөөн ажилтантай ганцхан салбар компани учраас ахисан түвшинд хүрч чадахгүй л байв. Тухайн үед зарим газартай гэрээ хийх гээд очихоор манайх RE/MAX-тай хамтарч байгаа учраас боломжгүй гэдэг үгийг цөөнгүй сонссон. Эндээс л RE/MAX-ийн франчайзыг сонирхож эхэлсэн дээ. RE/MAX-т ажилладаг дүүтэйгээ уулзаад судлаад үзсэн чинь оффистоо урьсан. Дүүтэйгээ уулзчихаад орой гэртээ ирээд интернетээс RE/MAX Mongolia гээд хайлт хийсэн чинь хамгийн түрүүнд манай анхны Platinum цолтой агент Батцэнгэл эгчийн ярилцлага гарч ирсэн. Тэр ярилцлагыг уншаад л эргэлзэх юмгүй RE/MAX-ийн франчайзыг авахаар зориглосон юм. Хамгийн түрүүнд толгойд, 52 настай хүн энэ компанид ороод жил орчим ажиллаад ийм том амжилтад хүрч чадаж байхад би яагаад болохгүй гэж гэдэг бодол төрсөн. Ингээд 2017 оны 9 сард гурван шатны ажлын ярилцлагад ороод RE/MAX Mongolia бүсийн хоёр жилийн ойн өдөр аравдугаар сарын 2-ны өдөр агентийн хамтран ажиллах гэрээгээ хийж байлаа.

-Анх ажилд орох, танихгүй хүмүүстэй хамт ажиллаж эхлэх тэр цаг хугацаа хүн бүрийн сэтгэгдэл заавал нэг тод дурсамж үлдээсэн байдаг даа. Танай хамт олны тухай таны анхны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Би 2017 онд агентаар ажилд орсон юм. Анх намайг ороход RE/MAX Mongolia бүс хэмжээнд 330 агенттай, Shangri-La-д шинэ жилээ тэмдэглэж байлаа. Хоёр, гурвуулхнаа ажилладаг байсан надад хамгийн түрүүнд “Том байгууллага гоё юм аа” гэдэг бодол төрөөд үнэхээр сайхан санагдаж байсан. Харин өнөөдөр RE/MAX Mongolia 1200 гаруй агенттай болсон байна.




-“RE/MAX-тай хамтарч байгаа учраас боломжгүй” гэдэг үгийг цөөнгүй сонссон гэж та дээр ярьсан. Та ер нь “шаралхсандаа” энэ бизнест ороод ирчихэв үү?

-Шархалсан биш хүмүүс яагаад энэ RE/MAX-ийг сонгох болов, энд ямар нөү хау байна вэ гэж бизнесээ өргөжүүлэх гэж л зорьсон юм. Анхнаасаа л RE/MAX-т брокер эзэмшигч болно гэсэн зорилготой орж ирсэн. Тийм ч учраас туршлага судалж болохоор, чадварлаг удирдлагатай багт орохоор судлаад Батгэрэл захиралтай хамтын ажиллагааг эхлүүлж байлаа. Яг үнэндээ анх үл хөдлөхийн франчайзаа сайн ойлгохгүй байсан. Ойлгож байж авахын тулд агентаар ажиллаж эхэлсэн. Нэг жилийн хугацаанд хангалттай ойлгож RE/MAX-т дурлаж эхэлсэн гэж хэлж болно. Миний амьдрал RE/MAX-тай холбогдсоноос хойш зорилго бүхэлдээ өөрчлөгдсөн Би энд орсноор өөрийгөө илүү таньж, мэдэж ойлгосон. Америкт болдог R4 арга хэмжээ болон Энэтхэгт болсон Азийн бүсийн чуулга уулзалтад оролцоод дэлхийн энтэй сэтгэнэ гэдэг шиг л нүд нээгдсэн дээ. RE/MAX-д нэгдсэнээр зөвхөн Монголдоо үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажиллах биш дэлхийн аль ч орны RE/MAX-тай хамтран ажиллах боломж байгаа гэдгийг ойлгосон. Ерөнхийдөө амьдралын бүх зорилго өөрчлөгдсөн. Тэгэхээр надад RE/MAX 300 хувь зөвөөр нөлөөлсөн гэж дүгнэдэг.

-Таныг агентаар ажиллах хугацаандаа RE/MAX Mongolia бүсийн хамгийн өндөр дүнтэй гүйлгээг гаргаж байсан гэж сонссон.

-Би өөрийгөө илүү таньж мэдэж, сорих гээд хүмүүсийн авахаас татгалздаг, зарагдаагүй удсан, зарахад хэцүү үл хөдлөхүүдийг түүж авч гэрээлдэг байлаа. Хамгийн анхны том төсөл “Хөдөлмөрийн ордон”. Тэндээс их зүйлс сурсан. Мөн зарагдалгүй 4 жил болсон худалдааны төвийг амжилттай борлуулж 3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж байлаа. Нийтдээ 300 гаруй харилцагчтая ярьж, 72 хүнтэй уулзалт хийж төслөө танилцуулсан. Хамгийн сүүлд авах магадлалтай долоон худалдан авагчаа 4 банкны зээлийн эдийн засагтай уулзуулах гээд бүх процесст би хамт явсан. Өөрийнхөө оффисыг нээгээд, брокер овнер болчихоод АНУ-руу онгоцонд явж байхад харилцагч маань “Баярлалаа, Одноо. Зээл маань гарчихлаа” гээд зурвас бичиж байлаа. 2019 оны хагас болон бүтэн жилийн хамгийн өндөр гүйлгээний эзэн болж Азийн бүсийг хариуцсан захирал Adele Qi-с шагналаа гардаж авч байсан минь маш сайхан дурсамж. Мөн би агент байх хугацаандаа Олон улсад өөрийхөө нэрийг гаргах юмсан гэж их мөрөөддөг байлаа /инээв.сур/ Мөрөөдөл маань биелж 2019 оны 6 сард өглөө үүрээр утсанд захиа ирлээ. Заримдаа шөнө гадаадаас харилцагчид маань захиа илгээж, залгадаг байсан болхоор утсаа харлаа. Тэгтэл хамт ажилладаг захирлаас маань “Баяр хүргэе. Та Global 100-д орсон байна, бүр 25-т” гэж бичсэн байсан. Эхлээд итгээгүй, нягталж үзээд маш их баярласан. Миний хамгийн сайхан дурсамжуудын нэг энэ.




-Та дотоодын зуучлал эрхэлж байсан. Одоо харин дэлхийн үл хөдлөхийн зуучлалын компанид ажиллаж байна. Ялгаа нь юу байна вэ?

-RE/MAX маш олон залуу захирлуудад бизнесээ хамгийн бага эрсдэлээр эхлүүлэх боломж олгодог гэж би боддог. Би 10 гаруй жилийн хугацаанд олон төрлийн бизнес эрхэлж үзсэн. Тэгээс эхлүүлсэн бизнесээ дампууруулж ч байлаа. Манай Монголд аливаа бизнесийг системтэйгээр хөгжүүлэх соёл алга. Бизнесийн чиглэлээр сургууль төгссөн ч хаанаас эхлэхээ мэдэхгүй хүмүүс олон байдаг. Би физикийн мэргэжилтэй хүн учраас бүр ч ойлголтгүй өөрийн чадамжаар л бизнес хийдэг байлаа. Сайн хөдөлмөрлөвөл л сайн бизнес эрхлэгч болно гэж боддог байсан ч RE/MAX-т орсноор систем гэдэг зүйл бизнест хамгийн хэрэгтэйг ойлгож эхэлсэн. RE/MAX-ийн давуу тал нь олон жил амжилттай туршигдсан нөү хау. Энэ бизнесийн хамгийн гоё нь би босс гээд суугаад байх биш агентуудтайгаа зэрэгцээд ажилладаг нь маш сайхан. Бас сургалтын системээр үл хөдлөх хөрөнгийн суурь ойлголтыг хангалттай өгдөг. Сургалтаас эхлээд бүгд системтэй. Дотоодын зуучлалаас ялгарах өөр нэг давуу тал нь мэдээллийн бааз. RE/MAX-ийн дотоод сүлжээний дата бааз үнэхээр таалагдсан. Би өмнө нь хоёр, гуравхан байрны сонголтыг хүнд санал болгодог байсан бол RE/MAX-ийн дата баазаас хайлт хийхэд 200-300 сонголт гарч ирдэг.

-Энэ бизнес хэрэглэгч, харилцагчдад ямар ашигтай вэ? Мөн ямар эрсдэлээс сэргийлдэг вэ?

-Харилцагчийг эрсдэлээс маш сайн хамгаалдаг. Миний санаж байгаагаар хэдэн жилийн өмнө дотоодын зууч хийдэг байхад нэг хүн үл хөдлөхөө түрээслэсэн. Түрээслэгч тал улирлаар нь төлбөрөө авчихсан байж. Гэтэл дөрөв, тав дахь сараас утас нь холбогдохгүй, мөнгөө өгөхгүй алга болчихоор нь байрандаа яваад очтол бүх тавилгыг нь ачаад нүүлгээд аваад явчихсан жишээ байдаг. RE/MAX энэ мэт эрсдэлээс харилцагчийг хамгаалдаг. Эргэх холбоо сайтайгаас гадна гэрээгээр маш сайн хамгаалдаг. Өөр нэг жишээ хэлбэл манай иргэд татвараа багасгаад төлөх гэдэг. Энэ тохиолдолд “Болно” гэж огт зөвлөгөө өгч болохгүй гэж би агентдаа зөвлөдөг юм. Энэ бол хоёр талын эрсдэлийг хааж байгаа зүйл шүү дээ. Би дотоодын зууч хийдэг байхдаа, 2017 онд 60 саяын үнэтэй хуучны хоёр өрөө байр зарсан юм. Үл хөдлөхийн гэрээ хийхдээ бэлэн мөнгөөр авсан учраас 10 сая төгрөгөөр гэрээ хийе гэхэд нь тохиролцлоо. Гэрээгээ хийчихээд байж байтал гэнэт худалдагч талын эгч нь гарч ирээд “Гадаадад байх хооронд ээж аавын минь байрыг дүү зарчихсан байна. Дүүгийнхээ нэр дээр түр байлгаж байсан юм. Бид аавынхаа гал голомтыг зарахгүй, наймаагаа буцаамаар байна” гэлээ. Худалдан авагч тал хүндэтгэх шалтгаан гэж үзээд наймаагаа буцааж болж байна гэсэн юм. Гэтэл хоёр хоногийн дараа худалдан авагч талаас над руу залгаад “Хүүе ээ, байрны мөнгө буцааж төлөв гээд 10 сая төгрөг шилжүүлсэн байна” гэсэн. Ингээд маргаан үүссэн. Алдаа нь худалдагч тал мөнгөө бэлнээр төлөөд гэрээгээ 10 саяар хийчихэж. Тэгээд худалдагч талд 50 сая төгрөгөө төлсөн нь нотлогдохгүй би гэрчээр очиж байсан юм. Энэ мэтчилэн маш олон эрсдэл гардаг учраас татварыг бүрэн төлүүлж байхыг агентууддаа зөвлөдөг юм. Аливаа эрсдэл гарахад татвар нотолгоо болно. Бас иргэний үүргээрээ татвараа төлөөд сурчихмаар байгаа юм.




-Дотоодын зуучлалын компанийн захирлаас дэлхийн франчайз эзэмшигч байх ямар давуу талтай вэ? Та оффисын соёлоо хэрхэн нутагшуулж байна вэ?

-Би 27 настайдаа, бага хүүхдээ тээсэн жирэмсэн байхдаа нэг хүнээс үл хөдлөх авах гээд их хэмжээний мөнгөө залилуулсан юм. 2012 онд 78 сая төгрөг гэдэг маш их мөнгө. Манай гэр бүлийн хүн тухайн үед газар тариалан эрхэлдэг байлаа. Би нөхрийгөө эзгүй хойгуур бие дааж шийдвэр гаргаад мөнгө өгөөд залилуулчихсан. Нөгөө хүнтэй хоёр гурван жилийн турш шүүх, цагдаагаар явах хугацаандаа МУИС-ийн оройн ангид эрхзүйчээр суралцлаа. Суралцах хугацаанд эрүү, иргэний бүх хуулийг уншиж би хаана, юун дээр алдсан, өмгөөлөгч яагаад миний талд ажиллахгүй байна вэ, гэрээний хэлцлээр яагаад шийдэгдэхгүй байна вэ гээд хуулийг маш сайн судалсан. Ингээд алдаа хаана байсан бэ гэхээр би мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч ажиллаагүй байж. Ер нь ганц энэ ч биш мэргэжлийн хүний зөвлөгөө аваагүйгээр би их олон алдаа гаргаж байснаа тэгж л мэдсэн. Энэ асуудлаас болоод зээл эрсдэлд орчихлоо. Надаас гадна есөн хохирогч байсан тул тэр хүн ял аваад явсан. Бид зуун төгрөг ч үгүй л үлдсэн дээ. Энэ алдаан дээрээс маш их сургамж авч мэргэжлийн хүмүүстэй холбогдож зөвлөгөө авч эхэлсэн. Тэд надад хэрэгтэй зөвлөгөө хэлнэ гэж бодоод харилцааны шинэ шатанд хөгжихөөр хичээж эхэлсэн. Одоо эргээд харахад ченжээс авахуулаад дотоодын зуучлалаас эхлээд RE/MAX-ийн агент хүртэл хугацаанд би маш олон хүнтэй харилцаа тогтоожээ. Тэгэхээр би одоо агентууддаа хэлдэг юм. Гадуур чамд “Coach” хийх хүн маш олон байна, үүнийг ашигла гэдэг. Агент, брокер эзэмшигчээр ажиллах хоёр өдөр, шөнө шиг ялгаатай. Би өмнө нь агент байхдаа харилцагчтай ажилладаг байсан бол одоо харилцагчтай ажиллах хүнээ бэлдэж байна. Тиймээс 2019 оны оффисын зорилго сайн агент бэлдээд, бүх төрлийн лист дээр ажиллахаар төлөвлөсөн. Харин 2020 оныг “Төслийн жил” болгон зарласан. Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн төслүүд дээр буюу шинээр борлуулж байгаа үл хөдлөх дээр төвлөрөх зарчимтайгаар маш амжилттай ажилласан. Төлөвлөгөөт борлуулалтын 70-80 хувийг 2-3 сарын хугацаанд л багтаад хийчихсэн байна. Энэ онд мөн төсөл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Манай оффис өнгөрсөн жил 16 агенттай байсан бол энэ жил 42 үл хөдлөхийн мэргэжлийн зуучтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Саяхан манай оффис байршлаа солин Зайсангийн Astra place-ийн 1 давхарт байрлаж байна харилцагч болон агентуудад амар хялбар орж ирээд мэдээлэл авдаг байх үүднээс 1 давхрын байршлыг сонгож орж ирээд байна. Шинэ оффисын маань хамгийн гоё хэсэг гал тогоо би их хоол хийх дуртай, агентууддаа хуралтай үед нь цуглуулж байгаад л хоол хийж өгдөг. /инээв/

-Та агент ажилд авахдаа юуг чухалчилдаг вэ? Зарим удирдлага гэр бүлтэй эсвэл ганц бие байх зэрэг шалгуур тавих нь бий?

-Би өөрөө агент байхдаа хүмүүсийн борлуулаагүй, борлуулж чадаагүй удсан зэрэг үл хөдлөхийг албаар сонгож, өөрийгөө сорих дуртай байлаа. Борлуулагдахгүй удсан үл хөдлөхийг нь би зарчихвал худалдагч талаас надад маш сайхан урмын үг ирнэ. Энэ нь надад кайф өгнө. Тэгэхээр одоо би брокер овнер болоод агентуудыг сонгохдоо өндөр, нам гэр бүл, ганц бие байх зэрэг гадаад үзэмж болоод хувь хүний амьдралын асуудлыг огт хардаггүй. Харин амьдралд боломж олдоогүй хүмүүсийг илүү амжилтад хүрээсэй гэж хүсдэг. Тухайлбал ар гэрийн гачигдал, санхүү мөнгөний асуудлаас болоод их сургуульд орж чадалгүй, үеийнхнээсээ хоцорч үлдсэн залуус байдаг. Нарийн мэргэжлээр төгсөөгүй, гэхдээ маш чадвартай. Тэр чадвараа гаргах боломж олдоогүй явсаар ирсэн хүмүүс байдаг шүү дээ. Тиймээс би хүсэл, тэмүүлэлтэй, бусдын боломж олгоогүй хүмүүсийг авч, боломж олгож, амжилтад хүрэх шат болохыг зорьдог доо. Зөв бодолтой, хийх юмсан, хичээх юмсан гэхээс дүрэлзсэн хандлагатай залуус юуг ч бүтээж чадна гэж би боддог. Анзаараад байхад сүүлийн үед ажлын ярилцлагад ирж байгаа залуучууд өөрийнхөө юу хүсч байгааг мэддэг болчихож. Би маркетинг, банк, эдийн засгийн чиглэлээр сургууль төгссөн. Хаана илүү боломж байна вэ гээд судлаад үзэхэд үл хөдлөхийн салбарт олон боломж байна гээд зорьж ирсэн агентууд манайд бий. Бүр зан, араншингийн хувьд хүртэл аль салбар, аль мэргэжил надад илүү тохирох вэ гэдгийг хүртэл судалчихаад ажилд ордог болсон байна. Би ч гэсэн ажлын ярилцлагын дараа “Чамд надтай хамтарч ажиллахад асуудалгүй гэсэн итгэл байвал эргээд ирээрэй” гэдэг. Яагаад гэвэл энэ бол харилцааны, хамтын ажиллагааны бизнес.




-Зуучлагч гэхээр “ченж” гэдэг ойлголт одоо ч бий. Та, танай оффис хэнд хэрэгтэй, тустай ажил хийдэг вэ?

-Тэр үнэн. Зуучлалын байгууллагыг хүмүүс “ченж” гэдэг утгаар нь хараад үнэ нэмж зардаг гэж бодох нь бий. Үүний оронд мэргэжлийн үйлчилгээг авснаар би эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг талаас нь хараасай л гэж хүсдэг дээ. Алт шиг үнэтэй цаг хугацааг мэргэжлийн хүнд хандсанаар хэрхэн хэмнэх вэ гэдэг маш чухал. Хүмүүс үл хөдлөхөө зах зээлийн үнээр үнэлж чадахгүй хэт өндөр эсвэл хэт доогуур үнэлэх эрсдэл их байдаг. Зуучын компани дата бааз, анализаар зах зээлийн үнийг бодит түвшинд гаргаж өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хүнийг хараад байхад удахгүй үнэд хүрэх үл хөдлөхөө буруу үед хямдхан борлуулчих тохиолдол байдаг. Бас СХД-т ажилтай, хүүхдийнх нь сургууль нь хотын төвд, гэр нь БЗД-т хэрнээ ХУД-т байр авах гээд байх тохиолдол байна. Тэр хүн ажлаа тараад хүүхдээ хичээлээс нь аваад гэртээ харих хооронд хэчнээн цаг хугацааг алдаж байна вэ гэдгээ бодох нь зөв. Үүнд мөн л мэргэжлийн хүний зөвлөгөө хэрэгтэй. Бид ийм л ажил хийдэг.

-Хүмүүс тогтмол цалин, тогтсон цагтай ажлаас татгалзаж их ажиллах биш ухаантай ажиллах имиж бүрдүүлэхийг хичээх болсон шиг санагддаг. RE/MAX-т эмэгтэйчүүд олон. Мөн хосоороо энэ бизнесийг эрхэлж байгаа захирлууд цөөнгүй. Тэдний сонголт яагаад RE/MAX бол?

-Миний хувьд эмэгтэй хүмүүстэй илүүтэй хамтарч, боломж олгохыг хичээдэг. RE/MAX-т ажиллаж буй агентуудын дийлэнх хувь нь эмэгтэйчүүд. Ганц бие ээжүүд ч цөөнгүй. Ганц бие ээж байхын хамгийн хэцүү нь хоёр хүний ажлыг ганцаараа амжуулж, бүх хариуцлагыг өөрөө үүрээд хүүхдээ хичээл, сургууль цэцэрлэгт хүргэж өгч авахаас эхлээд ажил их. Энэ бүх ажлыг зохицуулахад цагийн менежмент хэрэгтэй. Энэ менежмент нь RE/MAX-т байдаг учраас бүсгүйчүүд энэ бизнесийг илүүтэй сонирхдог болов уу гэж хувьдаа боддог. Тиймээс би эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллахыг зорьж байна. Манайд хөхүүл хүүхэдтэй болоод бага насны хүүхэдтэй олон хүмүүс байгаа. Бас залуу ажил олгогчийн хувьд “Me too” хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байгаа. Бас би залуудаа ажлын байрны бэлгийн дарамтад өртөж явлаа. Дөнгөж их сургуулиа төгсөөд ажилд орсон чинь захирал хоргоох асуудал тулгараад гарч байсан юм.Бэлгийн дарамт бол эмзэг сэдэв. Тиймээс ажлын байрны бэлгийн дарамтгүй байгууллагыг түүчээлэхийг зорьж байна.




-Та гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу?

-Би нөхөртэйгөө хамтарч энэ бизнесийг эрхэлж байна. Би өөрийгөө азтай хүн гэж боддог, 24 цаг нөхөртэйгөө хамт байдаг болохоор. Тэр маань намайг үргэлж дэмждэг. Би нэг удаа шинээр бизнес эхлээд бүтэлгүйтсэн юм. Тэгсэн манай хүн надад “Чиний наад шинэ, шилдэг санаанууд чинь хэзээ дуусах юм бэ” гээд инээж билээ. Ногоогоо тарих гээд явсан хойгуур нь мөнгийг нь залилуулчхаад сууж байсан хүн шүү дээ, би чинь /инээв.сур/. Тэр үед ч намайг буруутгаагүй. Өглөө нөхөр маань эрт босоод хүүхдүүдийнхээ хувцсыг өмсүүлээд цай ундыг нь бэлдээд бүх юмыг жин тан болгочхоод намайг “Босоорой, цайгаа уугаарай, ажилдаа явъя” гээд дуудна. Ханийнхаа ийм дүүрэн хайранд эрхэлж 13 жил хамт амьдарч байна даа. Бид хоёр анх наймаанд явж байгаад галт тэргэнд танилцаж байлаа.

-Та хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж байна вэ?

-Би хүүхдүүдээ хэзээ ч чи онц сур, чи нэгдүгээр байранд орох ёстой гэж хүчилдэггүй. Эрүүл саруул, зөв бодолтой, амьдралын ухаантай болж өсөөсэй л гэж боддог. Ирээдүйд хэн болохоо тэд өөрсдөө л шийднэ.

-Таны цаашдын хүсэл, мөрөөдөл, зорилго, төлөвлөгөөг сонирхож болох уу?

-Үйлдвэрлэлийн салбарт маш том мега төслийг хэрэгжүүлнэ гэсэн мөрөөдөлтэй ажиллаж байна.

-Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжлийн талаар та юу хэлэх вэ? Үүгээр ярилцлагаа өндөрлөе.

-Би мэргэжилтэн хүн биш. Гэхдээ “тогоонд” нь байдаг хүний хувьд харахад үл хөдлөх хөрөнгө зуучлалтай холбоотой хууль дутмаг байна. Энэ хууль хурдан батлагдаад хэрэгжээсэй гэж их хүсдэг. Учир нь хуульгүйн улмаас хүмүүс ихээр хохирч байна, алдаж байна. Харин яг одоо үл хөдлөхийн салбарыг сонирхож байгаа хүнд хэлэхэд хөл тавих маш гоё цаг хугацаа. Хэрвээ та 2015 он ба түүнээс өмнө үл хөдлөхийн салбарт орсон бол маш их бэрхшээлийг туулах байсан. Харин өнөөдөр энэ салбарын суурь зөв тавигдсан учраас маш хурдтай хөгжиж байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

RE/MAX Pro оффисоор үйлчлүүлсэн харилцагч нарын сэтгэгдэл




RE/MAX PRO оффистой жилийн өмнөөс хамтран ажиллаж байна. Энэ оффисын агентуудаар объект хайлгаж, худалдаалуулж ч байсан. Эхлээд Э.Одончимэг захиралтай холбогдоод бартерын байр борлуулуулахаар болсон. Тухайн үед агент хэрхэн ажиллах нь уу харъя гэсэн хандлагатайгаар хамтын ажиллагааг эхлүүлсэн ч маш хурдан 7 хоногийн дотор борлуулчихсан. Ингээд л урт хугацааны итгэлцэл үүсэж, байнгын гэрээ хийгээд одоогоор хоёр ч үл хөдлөх дээр хамтран ажиллаж байна.

Манай байгууллагын хувьд мэргэжлийн агентад хандах болсон гол шалтгаан нь цаг хугацаа хэмнэх. Аливаа байгууллагад хүн бүр хариуцсан ажилтай, албаны дарга, маркетингийн менежер гээд бүгд хариуцсан үүрэгтэй. Гэтэл үндсэн ажлын хажуугаар байр зарна гэдэг маш их цаг зав шаардана. Очиж үзүүлэх, зураг авах, байнга мэдээлэл шинэчлэхээс эхлээд ажиллагаа их. Тийм учраас ажлын бүтээмжээ бууруулахгүй байж, цаг хэмнэх үүднээс мэргэжлийн хүнд нь энэ ажлыг даатгасан.

Үл хөдлөх удах тусам эдийн засгийн эргэлт түгжигдэж байдаг, 200-300 тэрбумын хөрөнгө “хөрвөж” байдаг болохоор маш хурдан борлуулах нь бидний хувьд чухал. Эхлээд эргэлзэж байсан бол одоо харин RE/MAX-ийн агентууд л үүнийг чадна гэдэг итгэлтэй болсон. Учир нь тэдэнд мэдээллийн дата бааз, мэргэжлийн ур чадвар байдаг. Хамтран ажилладаг агентууддаа ажлын амжилт хүсье.

RE/MAX PRO оффисын харилцагч “Kitchen All” тавилгын дэлгүүрийн маркетингийн албаны дарга Б.Сэлэнгэ

Ярилцлагын холбоос: https://ikon.mn/n/288z