-Амбиц бизнест бас амьдралд байх хэрэгтэй зүйл үү?
-Би агент байхдаа их амбицтай байлаа. RE/MAX MONGOLIA бүсийн анхны тодотголтой олон гүйлгээг хийсэн. Амбиц хүнд байх хэрэгтэй. Гэхдээ тодорхой хэмжээнд дарж, хэтрүүлэхгүй байх нь чухал. Буруу тийшээ эргэвэл эгогоо удирдаж хянаж чадаагүйгээс өөрийнхөө мөн чанарыг алдаж болно.
-Таны бизнесийн ирээдүй ямар харагдаж байна вэ? Мөн та юуг хүсэж, мөрөөдөж явна вэ?
-Манайх RE/MAX Mongolia бүсээс франчайз эрхээ авсан 11 дэх оффис. Бид оффисоо 2017 оны зургаадугаар сарын 3-нд нээсэн, дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манайх 25 агенттай, захиргааны таван ажилтантай. Ирэх жилүүдэд улам олуулаа болох зорилго, төлөвлөгөө тавиад ажиллаж байна. Мөн агентуудаа төрөлжүүлж ур чадварт суралцуулахыг хичээж байгаа. Тухайлбал зөвхөн тансаг зэрэглэлийн орон сууцны агент, эсвэл зөвхөн төсөл, амины орон сууцны борлуулалтад мэргэшсэн агент бэлтгэхээр зорьж байгаа. Хүсэл мөрөөдлийн тухайд би хүмүүсийн амьдралыг л өөрчилмөөр байна. Үүнд маш их цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ энд, надтай хамт ажиллаж байгаа залуусын нэг нь ч гэсэн амьдралаа өөрчлөөсэй, өөр сэтгэлгээтэй болоосой л гэж хүсч байна. Би баян болгомоор байна гэж хэлээгүй. Харин сэтгэлгээ нь, аливааг харах нүд сэтгэл нь өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Тэгж чадвал маш олон боломж гарч ирнэ. Хэтдээ салбартаа тэргүүлэгч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн шарк болох зорилготой ажиллаж байна даа.
-Залуу хүмүүс өсч дэвжиж, амжилттай ажиллахад Монгол хэр боломж байна вэ?
-Монголд боломж маш их бий. Учир нь зах зээл нь сайн хөгжөөгүй байгаа учраас эзлэгдээгүй орон зай, эхлээгүй бизнесийн боломж маш олон байгаа. Хэцүү нь гэвэл улстөрчид, хууль санаачилдаг хүмүүсийн үйл хэрэг бизнес эрхлэгчдэд нөлөөлнө. Тухайлбал татварын дарамт, дүрэм журмыг нэрлэж болно. Мэдээж дүрэм, журам байх ёстой. Гэхдээ үүнийг олон улсын түвшинд хэрхэн хэрэгжүүлэх вэ зэргээр судалгаа, шинжилгээтэйгээр хэрэгжүүлэх нь зөв.