- Бизнесийн салбарт, түүн дундаа үл хөдлөх хөрөнгийн салбарт баг хамт олон маш чухал. Та багаа хэрхэн бүрдүүлэв?
Өмнө нь хийж байсан бизнесүүдээс ч тэр үл хөдлөхийн салбарт ажиллаж байгаагийн хувьд ч тэр баг гэдэг бол чухал. Энэ бизнесийг баггүйгээр төсөөлөх боломжгүй. Миний хувьд залуучуудтай хамтран нэг болж ажиллаж байгаадаа их баяртай байдаг. Залуу хүмүүсийн эрч хүч, тэдний үзэл бодол, өөр өөрийн гэсэн ертөнц, хандлага надад маш их сонирхолтой, хамтран ажиллахад таатай байдаг. Анх энэ бизнест ороход Н.Ганзориг гээд ах маань энэ бизнесийг надтай хамт эхлүүлж хамт удирддаг байсан. Бас Н.Цолмон гээд мундаг залуу мөн хамтарч баг болж ажиллан бизнесийн эхлэл хэсэгт хамгийн их дэм тусыг үзүүлсэн хүмүүсийн нэг. Энэ хүмүүсийн түшиг тулгуур миний бизнест маш их байсан гэдгийг цохож дурдахыг хүсэж байна. Ер нь чадвартай, чадалтай боловсролтой залуучуудтай ажиллана гэдэг миний хувьд маш том аз завшаан гэж боддог. Тийм учраас баг хамт олноо дэмжиж ажиллах нь миний үүрэг гэж бодож явдаг даа.
- Багтайгаа хамт удаан хугацаанд хамтран ажиллахын тулд таны баримталдаг зарчим юу вэ?
Энэ салбар өөрөө их онцлогтой. Агентууд маань өөрсдөө биеэ даасан бизнесээ хийж байгаа. RE/MAX гэдэг бол өөрөө энэ агентуудад боломжийг өгч байгаа. Үл хөдлөхийн салбарт маш бага эрсдэлтэйгээр, өндөр үр өгөөжтэйгөөр ажиллах боломжийг олгож байгаа брэнд. Агентууд маань өөрсдөө биеэ дааж бизнесээ төлөвлөдөг учраас бизнесмэн болгондоо тохирсон байдлаар дэмжиж ажиллахыг л хүсдэг. Миний хувьд хувь хүн бүрийн ялгаатай байдлыг ойлгож агентуудынхаа найдвартай ар тал нь байхын тулд хичээж ажилладаг даа.
-РЕМАКС МОНГОЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН ЗАХ ЗЭЭЛД ОЛОН ӨӨРЧЛӨЛТИЙГ АВЧИРСАН-
Монгол Улс өөрөө дэлхийн зах зээлийн нэг хэсэг. Тийм учраас дэлхийн зах зээл дээр ямар хандлага байна яг тэр зарчмаар явна. Монголчууд гээд дэлхийгээс өөр хүмүүс биш шүү дээ. Монголын худалдан авагч нар дэлхийн худалдан авагч нартай яг адилхан. RE/MAX өөрөө Монголд орж ирэхээсээ өмнө 40 жилийн хугацаанд дэлхийн 100 гаруй улсад өөрийн Франчайс бизнесийг маш амжилттай хэрэгжүүлсэн. Яагаад ингэж хэрэгжих болсон бэ гэхээр мэдээж тухайн улс улсынхаа харилцагч худалдан авагч нарт үр өгөөжтэй, ашигтай байгаа учраас энэ бизнесийн модул амжилттай хэрэгжсэн гэж би харж байгаа. Яг түүнтэй адил энэ бизнес Монголд орж ирснээрээ харилцагч, худалдан авагч нарт хурдан шуурхай үйлчилгээ, найдвартай, олон улсын стандартын дагуу Монголд суурьшуулсан. Ингэж үр өгөөжөө өгсөн учраас Ремаксийн салбарууд маш амжилттайгаар өргөжин тэлээд явж байгаа гэж харж байна. Цаашдаа бид бизнесээ илүү их хөгжүүлж хэрэглэгчдэдээ хамгийн шилдэг үйлчилгээг хүргэхийн төлөө байнгын сайжруулалтыг хийсээр байх болно.
- Үл хөдлөхийн зуучлагч нарын талаар олон нийт мэдээлэл муутай байдаг. Зуучлагч нар хэрэгтэй юу?
Аливаа ажлыг хийж байхад муу нэр байж л байдаг. Зуучлалын салбар хөгжөөд удаагүй. Ер нь Монгол улсад бизнес хөгжөөд 25 жил л болж байгаа. Хүмүүс энэ талаар дөнгөж ойлголттой болж эхэлж байна. Нөгөө талаас зуун үйлдлээс нэг нь муу байхад нөгөө 99 сайн үйлдлээ дарж байдаг. Тэгэхээр муу зүйл маш хор хөнөөлтэй. Гэхдээ хүмүүс дандаа нэг л муу үйлдлийг олж хардаг хэрнээ, цаана нь хийсэн сайн үйлдлийг олж хардаггүй, ихэнх хүмүүс үүнийг анзааралгүй өнгөрөөсөн байдаг. Тэгэхээр бид юмыг олон талаас нь, тэр тусмаа сайн талаас нь харж сурмаар байна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нарт сайн тал зөндөө бий. Одоогоор 10 хүний 5 нь энэ төрлийн үйлчилгээ авч байна гэсэн мэдээлэл байна. Цаашдаа илүү их хөгжөөд үйлчилгээгээ сайжруулаад явна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй брокер оффис 1,200 гаруй агент бол бүгд сайн сайхны төлөө, харилцагчдадаа сайхан үйлчилгээ үзүүлэхийн төлөө хичээж байгаа шүү гэдгийг хэлье.
- RE/MAX-ын талаар?
Монгол Улсад Ремакс маш сайн хөгжиж үйл ажиллагаагаа илүү өргөжүүлсээр байна. RE/MAX Mongolia жил дараалан нийт 120 гаруй орнуудын дундаас , Ремаксийн глобал арга хэмжээнээс Шилдэг Азийн оффис, Шилдэг Азийн бүс гэдэг шагналуудыг өсөлтийн хурд, хамтын ажиллагааны өндөр хувь, корпорацын соёл зэрэг үзүүлэлтээрээ удаа дараа авч байсан.
Улаанбаатар хотод түгжрэл их байна, зах зээлийн ширүүн өрсөлдөөн дунд ажиллаж байна, хийх ёстой юмаа хариуцлагатайгаар хийгээд явна гэдэг нь хамгийн чухал гэдгийг хүн болгон ойлгосон байна. Жишээ нь би байраа зарах гэж 1 сар цаашлаад 2-оос 3 сар , түүнээс илүү хоногийг зарцуулж цаг хугацаа алдаж байхаар Ремакст хандаж, мэргэжлийн хүмүүст даатгаснаар өөрийнхөө ажил, бизнест илүү анхаарч, түүнээс ч илүү орлого олж байх нь зөв гэдгийг хэрэглэгчид ойлгодог болсон учраас Ремакст хандаж байна. Энэ хэмжээгээрээ хандалт нэмэгдээд, ачаалал нэмэгдэж байгаа учраас Ремакст ажиллаж байгаа бүх бизнесмэнүүд ачаалалтай ажиллаж байна гэж хардаг. Цаашдаа ч гэсэн энэ хандлага нэмэгдэх учраас бидний ажил багасахгүй. Бидний хувьд зах зээлийнхээ нэг л салбарыг түшиглэж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн худалдааг төлөвшүүлж байгаа. Цаашдаа энэ салбарын хүмүүс үл хөдлөхийн хөгжүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн менежмент үл хөдлөх хөрөнгийн бусад салбар руу ажиллаж эхлэх учраас бидэнд хангалттай ажиллах орон зай байна гэж харж байна.
-ХИЙЖ БҮТЭЭЕ ГЭСЭН СЭТГЭЛ БАЙХАД ЯМАР Ч АСУУДАЛ, ЯМАР Ч ТОМ ДАВААГ ДАВААД ГАРДАГ-