RE/MAX SKY БРОКЕР ОФФИСЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ О.ОЧИР-ЭРДЭНЭ




RE/MAX брэндийн Монгол дахь хамгийн том брокер оффисын захирал О.Очир-Эрдэнийг энэ удаагийн дугаартаа урилаа. Дэлхий даяар 120 орчим улсад оффистой, олон улсын хөрөнгө зуучлалын тэргүүлэх брэнд RE/MAX-ийн салбар болж 2015 онд нээгдсэнээс хойш Монголд эл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шилдэг байгууллага болоод буй. О.Очир-Эрдэнийн удирддаг RE/MAX Sky Forbes Property Awards 2020 шагнал гардуулах ёслолоос оны шилдэг брокер оффисын шагнал хүртжээ. Санхүү, үл хөдлөх хөрөнгийн салбарт цөөнгүй жил ажилласан түүний ажлын арга барил, үзэл баримтлалтай танилцлаа.

Байршил: RE/MAX Sky, RE/MAX Hub брокер оффис

Эрхэлдэг ажил: RE/MAX Sky брокер оффисын гүйцэтгэх захирал

Хэрэглэдэг гар утас: iPhone 11

Хэрэглэдэг компьютер: Mac Air

Сошиал хуудсууд: Ochir-Erdene Otgonbaatar (LinkedIn), Ochir-Erdene Otgon (Facebook)




1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Багадаа Японд суралцаж байгаад дунд ангиас Монголдоо буцаж ирж ахлах сургуулиа төгссөн юм. Харин оюутан ахуй цаг маань МУИС-ийн эдийн засгийн сургуульд өнгөрч, бакалаврын зэрэг, мөн санхүүгийн менежментийн чиглэлээр магистр хамгаалсан. Ажлын гараагаа ЖАЙКА-ын хүний нөөцийн хөгжлийн төвд эхлүүлсэн дээ. ХУИС-д япон хэлээр бакалавр зэрэг хамгаалсныхаа дараа хэсэг хувиараа бизнес эрхэлж байгаад ХААН Банканд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчээр ажиллах болсон. Үүний дараа Австралийн Сидней хотын Academies Australasia сургуульд бизнесийн удирдлагын бакалаврт суралцаж төгссөн. Австралид байх хугацаандаа үл хөдлөх хөрөнгийн салбарыг их сонирхож судлах болсон л доо. Үл хөдлөх хөрөнгө борлуулагчаар ажиллаж үзэх сэн гэж бодсоор Австралиас ирэхэд RE/MAX Монголд нээгдсэнийг олж мэдээд агентаар элссэн юм. Өдгөө дөрөв дэх жилдээ Монголын хамгийн том брокер оффис болох RE/MAX Sky-г удирдаж байна. Манай брокер оффис 100 гаруй агенттай, сард 15 тэрбумын борлуулалт хийдэг. Манайх RE/MAX-ийн Ази, Номхон далайн бүсийн хамгийн том салбар. Өнгөрсөн долоодугаар сард Тэмүүлэн хамтрагчтайгаа нийлээд RE/MAX HUB хэмээх шинэ оффисоо нээгээд байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө босоод хүний хөгжлийн подкаст сонсонгоо хувцсаа өмсөж, өөрийгөө бэлдэнэ. Дараа нь найман цагийн үед кофе шоп орж кофе уунгаа хагас цаг орчим төлөвлөлтөө гаргаад 09.00 гэхэд оффистоо бэлэн сууж байдаг даа. Урьд нь орой бялдаржуулах төв ордог байсан бол энэ жилээс өглөө эрт ордог болохоор төлөвлөөд байна. Мэдээж бялдаржуулах төвүүд нээгдэхээр л дээ. Өглөөгүүр орчихвол оройдоо хувьдаа зарцуулах цаг гаргах боломжтой. Уулзалтуудаа үдээс өмнө хийнэ. Одоо бол би үл хөдлөх хөрөнгийн борлуулалтад гар бие оролцдоггүй, дан менторинг хийж, агентуудаа чиглүүлж, зөвлөгөө өгч ажилладаг. Үл хөдлөх хөрөнгийн агент зохион байгуулалт сайтай, бизнес сэтгэхүйтэй, маш хариуцлагатай байх ёстой. Өнөөдрийн нэг удаагийн борлуулалт биш, харилцагч үйлчлүүлэгчдээ чин сэтгэлээр туслахыг хичээж, урт хугацааны хамтын ажиллагааг хадгалахыг хичээх нь зүйтэй.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Их сургуульд сурдаг байхдаа ахынхаа компанид дадлага хийдэг байсан юм. Нэг өдөр ах надад бизнес төлөвлөгөө гаргаад ир, шинэ салбар нээх бодол байна гэв ээ. Төлөвлөгөөгөө бариад очиход ах "За, хэр болсон бэ" гэж асуусан. Би хэлж мэдэхгүй байна гэтэл "Чи итгэлгүй байгаа юм бол би үзэж юу хийх юм бэ? Чи наад төлөвлөгөөндөө 50 хувь итгэж байвал би 10 хувь л итгэнэ, чи 100 хувь итгэлтэй байвал би 70 хувь итгэл үзүүлж болох юм" гэсэн. Түүнээс хойш би хийж буй аливаа ажилдаа өөрийгөө 100 хувь зориулж, жижиг сажиг ч хамаагүй бүх зүйл дээр надаас гарч болох шилдэг санааг гаргаж, хүч чадал, ухаан бодлоо бүрэн зориулдаг болсон доо. Тэгсэн үед алдаа мадаг гарах нь ховор. Чи яагаад ингэж хийсэн гээд асуувал хамгийн жижиг деталийг ч хамгаалж чадахаар хийхийг хичээдэг. Гэхдээ алдахаас айх хэрэггүй гэж боддог юм. Зүв зүгээр сууж байгаа хүн л алдахгүй байх, харин юм хийж байгаа хүнд алдаа гарч л таарна. Удирдах тухайд бол өөрөөрөө үлгэрлэхийг хичээдэг.

Хүн хичээж байгаад чаддаг болчихоороо дурладаг, дурлаад ирэхээрээ улайрдаг, харин нэгэнт улайрчихсан бол зогсохгүй, амжилтад хүрэх нь ойлгомжтой. Тэгэхээр зүгээр дурлах хангалтгүй, улайрах хэрэгтэй.




4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ойрд мэдээж Zoom их хэрэглэж байна. Facebook, Instagram гэх мэтчилэн олон нийтийн сүлжээний аппууд болон Google Calendar, ClickUp, SoundCloud зэрэг аппликэйшнийг байнга ашиглана. Апп тал дээр идэвхтэй хэрэглэгч биш ээ (инээв).

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг улам л хэцүү болж байх шиг. Шууд л гол ярих зүйлдээ анхаарчихдаг учраас гялс л уулзалтуудын ард гардаг. Бүх юмыг өөрөө хийх гэлгүйгээр чадах хүмүүст нь даалгахыг илүүд үздэг. Минийхээр, ажил нь барагдахгүй, амсхийх чөлөөгүй байгаа бол сайн менежер биш. Заавал өөрөө барьж авах ажил гэж байна, миний оролцоо шаардлагагүй ажил бас бий. Харин агентууддаа зөвлөх, туслалцаа үзүүлэхэд бол хэзээ ч цаг харамладаггүй.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хийх ёстой ажлуудаа хамгийн чухлаас нь эхлээд цаасан дээр дарааллуулж бичдэг. Ер нь толгойдоо бодоод л яваад байлгүй цаасан дээр буулгаад авчих нь амар. Тэгээд эхнээс нь хийж эхэлнэ. Хэсэг хугацааны дараа харахад чухал биш ажлуудыг ер нь л хийх шаардлагагүй болчихсон байдаг. Өглөө тухайн өдрийнхөө ажлыг төлөвлөж байхдаа уулзалтын цагуудаа нягтлаад нэг харчихна. Тэгээд толгойгоо чөлөөлчихөөр амар шүү дээ. Шинэ мэдээлэл шингээж авахад ч дөхөм.




7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Оюуны ядаргаанд орсон үед дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргах хэрэгтэй гэж боддог. Фитнес орж хэсэг хичээллээд гарч ирэхэд эрч хүч сэргээд сайхан болчихдог. Орохгүй удахаар цаанаасаа л нэг ядраад байдаг. Хөзөр тоглох дуртай. Шинэ хүмүүстэй танилцаж, яриа өрнүүлэх бас их сайхан. Ирээдүйгээ яаж харж байна, юунд зорьж байна, яаж ажилладаг вэ гээд л тэр хүний амьдралын тухай сонсож, өөр хүний ертөнцөөр аялах сонирхолтой шүү дээ. Багадаа сургууль их шилждэг байсан болохоор ч тэр үү хүмүүстэй харьцангуй түргэн ойлголцож чаддаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

RE/MAX-ынхан маань сайн дурын ажилд идэвхтэй оролцдог. Борлуулалт бүрээсээ "Ид шидийн орон"-д хандивлахаас гадна бүтээн байгуулалтад нь гар бие оролцож байсан хамт олон. Миний хувьд, бялдаржуулах төвд хичээллэх нь ажлынхаа хажуугаар хамгийн чухалчилж, цаг гаргадаг зүйл юм. Аялах дуртай. Сүүлд гэвэл шинэ коронавирус дэгдэж хөл хорио болохоос өмнө Япон явж сар орчим сайхан аялж байгаад ирсэн юм байна. Нохой тэжээхийг их хүсдэг боловч цаг зав муутайгаас хараахан чадахгүй л байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Их сургуулиа төгсөөд их эрч хүчтэй, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байсан хэр нь учраа сайн олохгүй, хэн нэгэн чиглүүлээд зөвлөөд өгөөсэй гэж битүүхэн мөрөөсдөг байлаа. Ер нь л залууст ментор, хөшүүрэг болох зүйл хэрэгтэй байдаг шүү дээ. Ирээдүйд хүсэл эрмэлзэлтэй залууст тус дэм болдог ажилтай болох сон гэж тэр үеэс боддог болсон. Одоо миний ажил яг л тийм. Үл хөдлөх хөрөнгийн бизнес бол хангалттай хөдөлмөрлөж хичээж ажиллавал санхүүгийн эрх чөлөө, амжилтад хүрэх бүрэн боломжтой салбар. Манайд амжилт олоод, амьдралаа өөрчлөөд явж байгаа залуус олон бий. Ажлын бэрхшээлтэй тал гэвэл хүн удирдах юм даа. Ялангуяа сүүл үеийн залуусыг удирдахад тун амаргүй. Одоо бол хүнийг ингэ тэг гэж заавардах үр дүнгүй. Алсын хараатай байж, хамтдаа хичээгээд илүү том үр дүнд хүрэхийг зорьдог.




10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Манай салбар Монголдоо бол дөнгөж л хөгжиж байгаа. Хийж л чадвал орон зай маш их бий. Ойрын 2-3 жилд бүх хүчээ дайчлан ажиллаж, бизнесээ аль болох өргөжүүлэх бодолтой байна. Яг л түүндээ төвлөрч ажиллана даа. Хоёр салбарт маань 150 орчим агент бий. Ирэх жилдээ 300 орчим агенттай болчихно. Манай RE/MAX Sky салбар л гэхэд сардаа 250 гүйлгээ хийдэг. 2020 онд Sky салбар маань дангаараа 104 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ хийсэн байгаа. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьд улам илүү боломжууд бий гэдэгт итгэлтэй байна. Бизнесээ дараагийн түвшинд гаргах тал дээр төлөвлөгөө гарган ажиллаж байна даа.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Подкаст нэлээн сонсдог шүү. Танай сайтыг бас унших дуртай. Би ихэвчлэн ажилд минь яг хэрэгтэй юу байна, хэрэгжүүлж болох санаа юу байна гэж л хайж уншдаг, үздэг. Тэрнээс биш бүхнийг мэдэх гээд л олон төрлийн сэдвээр хамж уншихыг боддоггүй.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Амьдралд минь хамгийн их нөлөөлсөн ном гэвэл “Баян аав, ядуу аав” юм. Ер нь Роберт Кийосакигийн номуудыг уншсан, одоо ч юу ярьж, бичиж байгааг нь хөөж үздэг. Киноны тухайд, “The Pursuit of Happiness”-т их өгөөжтэй кино гэж боддог доо. Бас, хүн бүр “Загалмайлсан эцэг”-ийг ядаж л ганц удаа үзчих хэрэгтэй байх.




13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

ЖАЙКА-д ажиллаж байхад манай төслийг удирдаж байсан хүн хариуцлагатай байхын ач холбогдлыг дахин дахин хэлж, яс ойлгуулсан. Бизнесийн суурь нь хариуцлага гэж нэг удаа хэлсэн нь санаанаас гардаггүй. Удирдагч хүн тэр тусмаа асар хариуцлагатай байх ёстой. Ажилтны алдаа зөвхөн ажилтных байдаггүй, удирдагч зөв залж, дэмжлэг үзүүлж чадаагүйнх гэж үздэг дээ. Иймд асуудал үүсэх л юм бол бүх хариуцлагыг өөр дээрээ авахад бэлэн ажилладаг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА

Би л болж байвал яах вэ гэсэн хязгаарлагдмал сэтгэхүйгээс зайлсхийгээрэй. Хүмүүстэй зэрэгцэж амьдарч байгаа юм чинь бусдыг, орон зайг нь хүндэтгэж, бусдад саад болохгүй амьдарч хэвшицгээе гэж хэлмээр байна. Иргэд нь нийтийн эрх ашгийг өөрийн эрх ашгийн өмнө тавьж дадах нь улс эх орон хөгжихийн урьтал нөхцөл юм болов уу.




Ярилцлагын холбоос: https://unread.today/c/howiwork-ochirerdeneo