-Зуучлал гэхээр дундаас нь ашиг унагах мэтээр ойлгох нь бий. Танай оффис, таны бизнес хэнд ямар боломжийг эрэлхийлж ажиллаж байна вэ?
-Хэдэн жилийн өмнө зарим нэг компани, хувь хүний үйлдлээс үүдэн үл хөдлөх хөрөнгө зуучлал гэдгийг “ченж” гэж ойлгох ойлголт нийгэмд түгээмэл байсан. RE/MAX брэнд манайд орж ирсэн цагаасаа маш хурдацтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж, цар хүрээгээ тэлсээр байна. Энэ хэрээр үл хөдлөх хөрөнгө зуучлал гэдэг хүнд ямар хэрэгтэй, ашигтай үйлчилгээ вэ гэдгийг ойлгож үйлчлүүлэх хүний тоо улам өссөөр байгаа. Манай үйлчилгээ харилцагчийнхаа мөнгө, ажиллаж хөгжиж дэвших, гэр бүлдээ зарцуулах үнэт цаг хугацааг хэмнэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, мэдлэгжүүлэх, эрсдлээс хамгаалах, эцсийн үр дүндээ хүн бүрийг сэтгэл хангалуун байлгах зорилготой. Манай оффисын онцлог гэвэл харилцагч, үйлчлүүлэгчийн үл хөдлөх хөрөнгийг бодит байдлаар нь харуулах, мэдрүүлэх, сурталчлахад зориулж фото зураг авалт, видео бичлэгийг мэргэжлийн түвшинд хийж, агентуудынхаа маркетингийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор контент бэлдэж өгөх, програм хангамж, орчин үеийн техник технологиор хангах, сургах үйл явцыг тогтмол хийдэг. Бид цаашид оффисын орчин, агентын ажиллах нөхцлийг илүү сайжруулах, харилцагч, үйлчлүүлэгч, агент нартаа зориулсан инноваци шингэсэн, технологид суурилсан шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
-Франчайз бизнес бол бэлэн нөү хау. Өөрөөр хэлбэл бусдын эхлүүлсэн бэлэн бизнесийн модуль ашиглаж байгаа учраас олсон ашиг нь гадаад руу урсаад байгаа мэт хүмүүс ойлгодог. Тэгвэл таны франчайз бизнес Монголд, монголчуудад ямар ашигтай вэ?
-RE/MAX Mongolia бүсийн эзэмшигч компаниас эхлээд хамгийн сүүлд франчайз гэрээ зурсан 55 дахь оффис хүртэл нэг ч гадаад болон гадаадийн хөрөнгө оруулалттай компани байхгүй. Бидний олж буй орлогын зөвхөн 5 хувь нь франчайзын төлбөрт төлөгддөг, 95 хувь нь эх оронд маань үлддэг. Миний хувьд энэ бол шударга, ашигтай бизнес тогтолцоо. KEMPINSKI, BEST WESTERN, IBIS, NOVOTEL, HOLIDAY INN гэх мэт зочид буудлын франчайз, PIZZA HUT, KFC, BURGER KING гэх мэт түргэн хоолны франчайзууд RE/MAX-аас өмнө манайд орж ирж олон жил тогтвортой, амжилттай үйл ажиллага явуулж, олон хүнийг ажлын байраар хангаж, зочлох үйлчилгээний салбарын хөгжлийг дэлхийн түвшинд ойртуулахад чухал хувь нэмрээ оруулж байна. Ялангуяа зочид буудлын франчайзууд манайд орж ирснээр гадны зэрэглэл өндөртэй жуулчдын тоо нэмэгдэж, тэдэнд үзүүлэх үйлчилгээний чанар дээшилж, эх оронд маань гадны жуулчдаас орж ирэх орлого нэмэгдсээр байгаа бодит жишээ бий. Яг үүнтэй ижил RE/MAX бидний ажил амьдралд хувь нэмрээ оруулж, олон сайхан залуусыг ажлын байр, ашиг орлоготой болгосон. Цаашид гадаад орнуудтай хийх гүйлгээний тоо нэмэгдэж, гаднаас монголдоо илүү их ашиг орлого авчрана гэдэгт би эргэлзэхгүй байна.