2018 ОНЫ 12-Р САРД ИПОТЕКИЙН ЗЭЭЛД 1152 ИРГЭН ХАМРАГДАЖ, 100 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ



Эх үүсвэр: Bloomberg TV Mongolia

 2018 оны 12 дугаар сард ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 56.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэж Төв банк мэдээллээ. Харин банкнууд өөрийн эх үүсвэрээс 43.8 тэрбум төгрөг олгож, тайлант сард нийт 1152 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсан байна.

2018 оны хувьд Монголбанк, Засгийн газар хамтран ипотекийн хөтөлбөрийг 312 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж ажиллажээ. 2019 оноос ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт 600 тэрбум төгрөг давж өсөх боломжтой гэж Төв банк мэдээлж байна. Учир нь Засгийн газар, Төв банк хамтран банкнуудад олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг дөрвөн хувиас нэг хувь болгон бууруулах шийдэлд хүрсэн юм. Энэ нь одоогийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа аж. 2017 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт огцом буураад байна. Тухайлбал, 2013 онд хөтөлбөр эхлэхэд 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн бол 2017 оны эцсийн байдлаар санхүүжилтийн хэмжээ дөрөв дахин буурч, 350 гаруй тэрбум төгрөг болжээ.

Санхүүжилтийг даган зээлд хамрагдсан иргэдийн тоо ч мөн огцом буурсан байна. 2019 оны төсөвт ипотекийн хөтөлбөрийг 115 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцоолжээ. Хэдий тийм боловч үүнийг зорилтот бүлэгт чиглүүлэх журам батлагдаад байна. Энэ хүрээнд гэр хорооллоос газар чөлөөлж, орон сууцанд нүүн орж байгаа, анх удаа өрх тусгаарлан орон сууц худалдан авч байгаа, “ногоон” амины орон сууцны зээл авч байгаа өрхүүдэд олгохоор болсон юм.