Өнөөгийн Үл Хөдлөх Хөрөнгийн Зах Зээл Цар Тахлын Өмнөх Үеэс Эрс Өөрчлөгдсөн 



Клэйр Трапассо

Өнөөгийн өрсөлдөөн ихтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээл COVID-19 цар тахлын өмнөх үеийнхээс ихэд өөр харагдаж байна.

Realtor.com®-ын гаргасан хамгийн сүүлийн тайланд 2019 оны 12 сараас 2021 оны 12 сар хүртэл буюу цар тахал үргэлжилсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн борлуулалт 57%-иар өсч, үүнийг даган үнэ 25%-иар өссөн үзүүлэлт гарчээ. 

Өнгөрсөн сард гэхэд зах зээл дээр буй үл хөдлөх хөрөнгийн тоо өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 26.8%-иар буурсан байна. Энэ нь угийн удаашралтай байдаг хүйтний 

улиралд 117,000-аар бага тооны үл хөдлөх хөрөнгө зах зээл дээр байгаа гэсэн үг юм. 


Realtor.com сайтын Ахлах Эдийн Засагч Даниэл Хэйл хэлэхдээ “Бид 2022 онд байдал өөрөөр эргэж, зах зээл дэх үл хөдлөх хөрөнгийн тоо хэмжээ бага зэрэг өснө гэж харж байна” гэв. “Гэсэн хэдий ч бид цар тахлын өмнөх үеийнхээс хоёр дахин бага үл хөдлөх хөрөнгийн сонголттой тулгарч байгаа юм. Худалдан авагчдын тухайд, зах зээл маш хурдацтайгаар урагшлах болно. Хэрэв та таалагдсан үл хөдлөх хөрөнгөө олсон бол шууд авсан нь дээр гэж зөвлөе.” 

Мөн уг тайланд үл хөдлөх хөрөнгөө худалдаж буй хүмүүс 2017 оноос 2019 оны жирийн үетэй харьцуулахад 12.9%-иар багассан бөгөөд, дийлэнх нь халдварт өвчний үеэр гэртээ танихгүй олон хүмүүс оруулахаас зайлсхийсэн байна. 

Үр дүнд нь үл хөдлөх хөрөнгийн хомсдолоос үүдэн үнэ урьд өмнө нэмэгдээгүйгээр өсчээ. 

COVID-19 нөлөөгөөр санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч, үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү 3%-иас бага болж түүхэн доод рекорд тогтоосон нь худалдан авагчдыг илүү том хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авахад хүргэж байна. Мөн зарим хүмүүс үнэ илүү өсөхөөс урьтаж яаран худалдан авалт хийж байна. 

12 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн дундаж үнэ $375,000 байв. Харин зун гэхэд үл хөдлөх хөрөнгийн дундаж үнэ дээд рекорд эвдэн $385,000 болсон ба өнгөрсөн 2020 оны 12 дугаар сараас 10% өссөн үзүүлэлттэй байна. 


Олон сая хүн амтай метрополитан хотууд болох Нью Йорк, Лос Анжелэс, Вашингтон ДС зэрэг хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ өнгөрсөн онтой харьцуулбал 5.4%-иар өсчээ. 

Даниэл Хэйлийн хэлж буйгаар “Хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдан авч дийлэхээргүй хэмжээнд хүрч байгаа тул бид үнийн өсөлтийг буурч эхэлнэ гэж харж байна” гэв.

Өнгөрсөн жилийн 12 дугаар сартай харьцуулахад Лас Вегас 32.4%, Техасын Аустин хот 28.8%, Флорида мужийн Тампа хотод 25.4%-ийн огцом өсөлт үзүүлжээ.

Мөн үл хөдлөх хөрөнгийн зарагдаж буй дундаж хугацаа нь 12 дугаар сард 54 өдөр байсан бөгөөд энэ нь жилийн өмнөх үеэс 11 өдрөөр, 2019 оноос 26 өдрөөр багассан тоо юм. Худалдан авагчид үл хөдлөх хөрөнгө зарагдахаар зах зээл дээр гармагц, зарим нь бүр очиж харалгүйгээр худалдан авахаар санал тавьж байгаа юм байна. Ерөнхийдөө удаашралтай байдаг өвлийн улиралд энэ нь ихээхэн ноцтой өөрчлөлтийг илтгэж байна.  


Энэ талаар Хэйл дурдахдаа, “Үл хөдлөх хөрөнгийн зарагдах хугацаа цар тахлын өмнөх жилийн хамгийн идэвхитэй хурдан борлуулагддаг үеэс ч хурдан байна.” 

Ерөнхийдөө улс даяар зах зээл дэх үл хөдлөх хөрөнгийн хомсдол үүссэн ч, зарим хотуудын зах зээл дээр борлуулагдах гэж буй үл хөдлөх хөрөнгийн тоо харин ч өссөн байна. 

Мемфис метрополитан хэсэгт хамгийн их буюу өнгөрсөн онын мөн үеэс 22%-иар илүү тооны үл хөдлөх хөрөнгө зарагдахаар зах зээл дээр орж ирсэн байна. Харин дараа нь Питсбург метрополитан хэсэг 10.9%-ийн өсөлт үзүүлсэн бол Филадельфиа метрополитан хэсэг 10.8%-иар өсчээ. (Метрополитан хэсэгт гол хот болон тойрон буй жижиг хотууд, хотын захын хорооллууд болон хотын жижиг хэсгүүд багтдаг.)

Гэхдээ зарагдаж буй үл хөдлөх хөрөнгийн тоо өссөн нь эдгээр хотуудад үл хөдлөх худалдан авахад амар гэсэн үг биш юм. 

Хэйлийн хэлж буйгаар “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл өмнөх үеээсээ маш хурдацтайгаар урагшилж байна” гэв.