Жижиг унтлагын өрөөгөө декорын тусламжтай сайхан харагдуулъя

Инстаграмд тренд болж буй зай хэмнэх 5 санаа


Бидний ихэнхид нь том зай талбай гэдэг тансаг зүйл билээ. Жижиг байшин, хотын төвийн жижигхэн сууц, давчуу өрөө алинд ч амьдардаг байсан унтлагын өрөөндөө (орноос гадна) ганц тавилга хэрхэн багтаах талаар толгойгоо гашилган суудаг.

Тиймээс бид танд Инстаграм дээр тренд болж буй жижиг унтлагын өрөөнд тохирсон декор санаануудыг хүргэж байна. Мөн та хамгийн жижиг унтлагын өрөөнд ч эдгээр декорын алийг нь ч багтааж, өрөөгөө илүү үр ашигтай бөгөөд үзэмжтэй харагдуулж чадна гэж бид амлаж байна. Ингээд олон зүйл нуршилгүйгээр гол сэдэвтээ орцгооё.

1. Орны хажуугийн ширээ

Унтлагын өрөөндөө том ажлын ширээ тавих боломжгүй байна уу? Тэгвэл доорх хөөрхөн, авсаархан бөгөөд олон үйлдэлтэй ширээг орныхоо хажууд тавиад үзээрэй. Орны хажуугийн ширээний давуу талуудын нэг нь олон төрлөөр ашиглаж болдог. Жижиг унтлагын өрөөнүүдэд зай талбай гаргах боломж маш бага байдаг. Харин иймэрхүү ширээ тавьснаар их зай шаардахгүйгээр гоо сайхны ширээ, ажлын ширээ, болон декор тавиур гэх мэт олон төрлөөр ашиглах боломжтой.  




2. Эвхэгддэг сандал

Энэхүү эвхэгддэг сандал нь ном уншлагын нүсэр тавилга багтахгүй жижиг унтлагын өрөөнд төгс зохицоно. Давчуу унтлагын өрөөний хамгийн сул тал нь тухлан суугаад амрангаа ном унших зай олддоггүй. Дээрх эвхэгддэг сандал нь хамгийн бага зардлаар энэ асуудлыг шийдэх боломж юм. Амарч дуусаад эсвэл бусад шаардлагатай тохиолдолд эвхээд далд хийхэд л хангалттай.




3. Жижиг тавиур

Эдгээр ханын жижиг тавиурууд нь маш үр ашигтай чимэглэл бөгөөд ямар ч давчуу зай талбайд санаа зоволтгүй байрлуулах боломжтой. Нарийхан тавиур бол замбараагүй байдал дундах эмх цэгцийг эрэлхийлсэн хамгийн оновчтой шийдэл юм. Эхлээд харахад замбараагүй тогтоосон мэт харагдах боловч бодит байдал дээр маш нямбай байрлуулсан бөгөөд энэ нь тэдний нэг чухал онцлог билээ. Эдгээр тавиурууд дээр эд зүйлсээ зохицуулан тавьснаар үзэмжтэй харагдахаас гадна өрөөнд тань юм тавих талбайг нэмэгдүүлнэ. 




4. Ротанги хулсан шүүгээ

Арай жаахан илүү зайтай унтлагын өрөөнд энэ хулсан шүүгээ төгс зохицох бөгөөд загварлаг харагдуулахаас гадна дотор нь эд зүйлс хийх орон зайг санал болгож буйгаар онцлогтой. 

Ротанги хулс нь хүмүүсийн дунд алдартай бөгөөд дээрх хулсан шүүгээ нь аяганы шүүгээ, тавцангийн үүрэг гүйцэтгэхээс гадна нүдэнд сайхан харагддаг. Танд орчин үеийн трэнди уур амьсгал болон байгаль дэлхийтэй ойр байдлыг мэдрүүлнэ. 




5. Ургамал ихээр өлгөх

Ямар ч жижиг унтлагын өрөө байсан ургамал тавихад, ялангуяа ширэнгэн ой мэт таазнаас өлгөхөд зай шаардахгүй. 

Бид бүгд унтлагын өрөөндөө амьд уур амьсгалыг мэдрэх дуртай. Савтай ургамал тавих зай талбай, тавиургүй жижиг унтлагын өрөөнд таазнаас унжуулах нь энэ асуудлыг шийдэж өгнө. Та ургамлуудаа таазнаас, хананаас, эсвэл ханын тавиураас гэх мэт өөрт боломжтой аль ч газраас өлгөх боломжтой бөгөөд зөв байрлуулж чадвал өрөөг тань гайхалтай харагдуулах болно.