Н.ЭРДЭНЭБАЯР:ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХҮМҮҮСИЙГ САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭХЭД ОЛОН БОЛОМЖ НЭЭЖ ӨГДӨГ


Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл өнөөдрийг хүртэл албан зохицуулалтгүй явж ирсэн. Энэ хэрээр худалдагч, худалдан авагч талууд ханцуй дотроо наймаалцаж, үр дүнд нь мөнгө угаах, хууль бус мөнгө эргэлдэх өндөр эрсдэлтэй зах зээлд тооцогдох болжээ. Парист төвтэй, олон улсын ФАТФ буюу мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн салбарыг онцгойлон хяналттай байлгахыг Монгол Улсаас шаардаж байна. Үүнтэй холбогдуулан энэ салбар санхүүгийн зохицуулах хороонд харьяалагдаж тусгай зөвшөөрлийн зохицуулалттай болох гэж байгаа юм.  Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэтэй компаниудын нэг “RE/MAX Mongolia” компанийн төлөөлөл REMAX Premier оффисийн захирал Н.Эрдэнбаяртай уулзаж тус компанийн үйл ажиллагааны талаар болон удахгүй гарах лицензийн  тусгай зөвшөөрлийн тухай ярилцлаа. Тэр үл хөдлөхийн салбарын залуу үеийн төлөөлөл 25 настай захирал.  



ТА ЯАГААД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨЛ ТАВИХ БОЛОВ  ?

 Миний хувьд хийж бүтээх их хүслээр дүүрэн яваа Монголын залуу үеийн төлөөлөл. Маркетингийн чиглэлээр суралцаж төгсөөд ямар ажил хийх тухай их бодсон. Тэгтэл аав, ах хоёр маань RE/MAX-т орох саналыг анх тавьснаар ажлын ярилцлагад орлоо. Намайг авсангүй. Дахиад ярилцлага өглөө бас авсангүй. Хэд хэдэн удаа ярилцлага өгч байж сая тэнцэж байлаа. Анхнаасаа л энэ компани надад маш их таалагдсан. Дотор нь ороод  ажиллаад эхлэхэд бүр их таалагдсан. Учир нь залуусыг үг сонсдоггүй, өөрийнхөөрөө, дураараа гэдэг. Магадгүй миний энэ чанарт RE/MAX компанийн үйл ажиллагаа, ажлын арга барил яв цав тохирсон. Хүн дуртай юмнаасаа кайф авдаг шүү дээ. Энд байгаа боломжууд намайг татдаг. Энэ компанид таньд дарга , захирал гэж байхгүй, таны хийж буй, хийхээр төлөвлөж буй олон зүйлст саад  болох тийм нүсэр том бүтэц байхгүй,  харин эсрэгээрээ хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг бүх талаар нь дэмждэг системтэй. Бид системээрээ л нэгдсэн хүмүүс. Маш нээлттэй соёлтой. Энэ салбарт хүмүүстэй хамгийн их хамтарч ажиллаж чадсан нь амжилттай явдаг.  Би ажилдаа, бизнестээ хайртай. Өдгөө дөрөвдэх жилдээ олон улсын франчайз компанийн эрхийг эзэмшин олон улсын нөү хауд суралцаад явж байна.


ТА БРОКЕР ЭЗЭМШИГЧ ҮҮ ? БРОКЕР ЭЗЭМШИГЧ ЯГ ЮУ ХИЙДЭГ ВЭ ?

Тийм ээ. Монгол Улсад одоогийн байдлаар RE/MAX компанийн франчайз эрхийг эзэмшигч 42 салбар байгаа. Эдгээр салбарууд бүгд үндэсний 100%  хөрөнгө оруулалттай, Монголдоо бүртгэлтэй, Монголдоо татвараа төлдөг аж ахуйн нэгжүүд. Улсынхаа хууль дүрмийг ягштал баримталж ажилладаг.  Хэдийгээр бид өөр өөрийнхөөрөө үйл ажиллагаа явуулдаг ч биднийг холбодог зүйлийн нэг нь RE/MAX компанийн дата бааз, сургалтын систем, нэгдсэн программ. Дэлхийн 100 гаруй оронд хэрэглэгдэж 40 гаруй жил туршигдсан хамгийн шилдэг үл хөдлөх хөрөнгийн программ хангамжыг бид ашигладаг. Энэ эрхийг авахын тулд бид мөнгө төлж франчайз эрхийг нь худалдаж авсан. Аливаа компани мэдлэг, систем худалдаж авахдаа мөнгө төлдөгтэй адил . Өнөө цагт сайн программ хангамжгүйгээр мэдээллээ  хүссэнээрээ авч, бизнесээ удирдах боломжгүй болсон. Тэгэхээр бид тусдаа үйл ажиллагаа явуулдаг ч нэг “шүхэр” дор байна. Би 2016 оноос агентаар ажиллаж эхэлсэн. Жилийн өмнө олон шаардлагуудыг хангаж Ремакс Премиер брокер оффисоо эрхийг нь авч нээн үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв би франчайз эрх эзэмшигч биш бол миний бизнес Монголдоо л сэтгэж, Монголдоо үлдэнэ. Харин олон улсын франчайз эрх эзэмшихийн бас нэгэн давуу тал нь өөрийн бизнесээ дэлхийд гаргаж, дэлхийд өрсөлдүүлэн, тэндээс бүхий л дэвшилтэт зүйлсийг нь олж авах үүд хаалга нээгддэг. Миний хэтийн зорилго ч үл хөдлөхийн салбарын дэлхийн хөгжил, зөв системийг эх орондоо нутагшуулна. Тэгснээр улсынхаа хөгжилд нэгэн том хөдөлгөгч хүч болох зорилготой. Угаас RE/MAX компанийн хамгийн чухал зүйл нь  олон улсын стандарт, нөү хау. Жаахан хүүгээ хөтлөөд алхаж яваа ээж нь RE/MAX.

Брокер эзэмшигч бол өөрийн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч компанийг нээн ажиллуулж буй бизнес эрхлэгч энтерпренер.   

ФРАНЧАЙЗ ЭРХИЙГ ХЭРХЭН ХУДАЛДАЖ АВДАГ ВЭ?

Олон улсын франчайзийн бизнес эрхлэхийн тулд тодорхой хэмжээний мөнгөөр эрхийг нь худалдаж авна. Дээр дурдсанчлан программ хангамж, сургалт, нөү хау үүнд орно. Хүн хөдөлмөрлөж байж олсон зүйлээ зүгээр өгөхгүй нь мэдээж. RE/MAX гэдэг дэлхийн компанийн бэлэн программыг бид ашиглаж байна. Энэ программын цаана хүн, баг хүчин  байгаа шүү дээ. Цаг ямагт программыг байнга  хөгжүүлэх ажил явагдаж байгаа. RE/MAX компанийн мэдээлэл хангамжын баазийг манай агентлагууд ашиглаж байна. Эндээс бид жишээ нь 2 өрөө байрнууд ямар сонголттойгоор байна,  аль дүүргийн аль хотхонуудад байна ? үүнээс миний худалдан авагчийн сонирхолд нийцэх байр нь байна уу гэдгийг худалдан авагчийг match хийж олох буюу шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг олох шилдэг хайлтын систем, мөн өмнөх жилийн хэдийд ийм байр хэдээр зарагдаж байсан бэ г.м олон мэдээллүүдийг хормын дотор л олох боломжтой байдаг. Хэрэв энэ боломж байдаггүй бол 700 гаруй хүмүүс хэрхэн мэдээллээ солилцож ажиллах билээ дээ. Энэ төрлийн байрыг хэдэн төгрөгөөр зарах, хэнд ямар зөвлөгөө өгөх гээд өндөр түвшний сургалт өгөх платформийг мөн бид ашигладаг. Монгол улс саарал жагсаалтанд орсоноор мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх, үйл олноор хөнөөх гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх олон ажлуудыг хийх хэрэгтэй болсон. Харин Ремакст энэ гэмт хэргээс сэргийлэх олон ажил хийгддэг дээд зэргийн стандарттай байдаг. Жишээ нь энэ бизнест хөрөнгө оруулж буй хэнийг ч мөнгөний гарал үүсэл нь цэвэр эсэх, энэ төрлийн гэмт хэрэгт оролцож байсан эсэх г.м бүхий л санхүүгийн хяналтыг Лондон дахь хуулийн фирм хянаж хийдэг. Бид дотооддоо хяналтын журамтай.   Этик ёс зүйн хороотой. Гомдлын хороо болон арбитрын хорооноос бүрдэх нийт 10 гишүүнтэй энэ хороо өнгөрсөн жил л гэхэд 30 гаруй гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн.

RE/MAX КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ? ТА БАГАА ЯАЖ БҮРДҮҮЛЭВ?

-Одоогоор 6-7 хүнтэй ажиллаж байна. Би залуу хүн учраас залуустай ажиллах дуртай.  Алдах, онох, сурах ч үе байна. RE/MAX олон улсын компани. Тийм учраас гадны хөрөнгө оруулалттай гэж хүмүүс ойлгоод байдаг. Тиймээс олсон орлого нь гадагшаа явчихдаг ч гэдэг. Монгол дахь 42 компанийн брокер эрх эзэмшигчид бүгд монголоосоо хөрөнгө оруулалтаа гаргасан үндэсний бизнес эрхлэгчид байдаг. Тиймээс мөнгө Монголдоо үлдэнэ. RE/MAX компани агентуудад илүү их өр өгөөжтэй байдаг. Ажиллаж чадсан л бол олж буй орлогынхоо 50-80 хувийг агент өөрөө авдаг. Тэгэхээр ажиллаж байгаа хүндээ санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд илүү олон боломж, гарцыг нээж өгдөг. Тэр хүн амжилттай суралцаж чадвал олон улсад гарч өөрийгөө хөгжүүлэх боломж ч бий.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл маш сонирхолтой. Өсөх үе байхад буурах үе байна. Залуу хос, бие давхар ганц бие эмэгтэй тусламж хүсч орж ирнэ. “Ийм л мөнгө байна. Үүнд тааруулаад байр олоод өгөөч” гэнэ. Жаахан ажил бүтэхгүй байвал өнөө хэд маань “ламдах уу” гэнэ. Байраа томруулах гэж байгаа, гал голомтоо бадраах гэж байгаа гээд олон шалтгаантай хүмүүст тус хүргэх сайхан. Тэд дараа нь байрныхаа найранд урина. Их гоё. Надад баярласан хүмүүс найздаа ярина. Найз нь намайг гээд “байраа заруулах гэсэн юм” гээд зориод ирнэ. Хэн хэндээ эелдэг хандлага түрүүлж харилцаа тогтоож явах сайхан шүү дээ.

RE/MAX компани зуучлалын үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгодог. Харин миний хувьд хүнд тусалдаг, зөвлөдөг компани гэж боддог. Хүний хүсэл сонирхлыг ойлгоогүй хэр нь “БЗД-ийн 26 байранд орно гэсэн” гээд хайгаад байж болохгүй. Харин цонх нь ямар байх юм. Хаашаа харсан байх зэрэг хэрэгцээ шаардлагыг сайтар ойлгох хэрэгтэй.  Хүний хэрэгцээг ойлгоогүй хэр нь байр зуучлана гэж байхгүй. Тэр хүнээ мэдэх, ойлгох, судлах хэрэгтэй. Үүний дараа түүний өмнөөс сэтгэж байж л таалагдсан зүйлийг сонгож чадна шүү дээ. Энэ бол зуучлалын үнэт зүйл. RE/MAX компани хүнийг олон түвшинд хүртэл хөгжүүлж чаддаг.  Өөрийгөө соримоор байгаа залууст энэ компани яг тохирно. Сар бүр болдог олон төрлийн спортын тэмцээн олон нийтийн арга хэмжээнүүд залууст бас их таалагддаг. Залуус цагт баригдахгүй, өөрсдийн сонирхолд нийцүүлэн илүү чөлөөтэй сэтгэж ажиллах тийм л компанийг хүсч байна. Тэр бол Ремакс.

УДАХГҮЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА. ТА САЛБАРЫН ХҮНИЙ ХУВЬД ЭНЭ ТАЛ ДЭЭР ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Журам гарснаар их олон зүйлийг системд оруулж зөв шударга, ойлгомжтой болгоно. өнөөдөр чадах чадахгүй олон зуучлалын компаниуд байгуулагдаж байна. Жилдээ 30,000 гаруй гүйлгээ энэ зах зээлд хийгддэг. Энэ хэрээр залилах гэмт хэрэг үйлдэгдэх болсон. Хамгийн гол нь эндээс хэрэглэгчид хамгийн их хохирдог. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж бусдыг залилах явдал  гардаг. Эдгээр эрсдэлээс энэ журам хамгаална. Зуучлалын компаниудаар үйлчлүүлвэл ямар давуу  талтай вэ гэдгийг хүмүүс ойлгож эхэлнэ. Гадаадад үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд албан ёсны тусгай зөвшөөрөлтэй, нэгдсэн нэг журамтай байдаг. Эргээд тэдэнд улс маш өндөр хяналтыг тавьдаг.

Үл хөдлөхийн компани байлаа гэхэд дуу хоолойгоо холбоогоороо дамжуулж төрдөө хүргэдэг. Холбоогоо Санхүүгийн Зохицуулах Хороо зэрэг хяналтын байгууллага хянадаг. Түүнийг нь улс хянадаг. Энэ стандарт манайд ч хэрэгтэй. Татварын бодлого, бүртгэлийн системтэйгээ уялдуулчихвал энэ бол зөв алхам. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ үнэ цэнэ илүү баттай болно. Хөдөлдөггүй хөрөнгөд байршил, чанар, үнэ цэнэ чухал. Харин энэхүү журмыг батлахдаа хэдхэн хүний биш салбарын төлөөллүүдээ бас хэрэглэгч нараа сонсож олон нийтийн эрх ашигт нийцсэн журам болоосой гэж хүсч байна.  Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын холбоо гэхэд нийт энэ салбарт ажилладаг компаниудын хамгийн багадаа 50% ийг эгнээндээ нэгтгэсэн байж энэ салбараа төлөөлөх боломжтой болох ёстой гэж бодож байна. Энэ бол зүй ёсны шаардлага. Харин хэдхэн хүнийг, хэдхэн компанийг төлөөлж байж энэ бол бодлого гээд тулгаад байж болохгүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.